ГОЛЫН ЭЛСЭН ДЭЭР ХОТ БОСГОН ТОГЛОЖ БАЙСАН ЖААХАН ХҮҮГИЙН МӨРӨӨДӨЛ "АМЬДРАЛЫН ЭЛСЭН"-Н ДЭЭР ХОТХОН БОЛОН СҮНДЭРЛЭЖ БАЙНА.
“Өөрийн байшингаа босгох төлөвлөгөө” ТББ-ын Тэргүүн Чимэддоржийн Батцэнгэлтэй ярилцсанаа уншигч танд хүргэж байна.
-Юун түрүүнд уншигчдадаа өөрийгөө танилцуулахгүй юу? Бага нас тань хаана өнгөрөв. Энэ их ажлын эхлэх цэг хаана байв?
Миний бага нас Хэнтий аймгийн Батширээт суманд өнгөрсөн. Ухаан орсон цагаасаа л Онон голын хөвөөнд тоглож өссөн. Сумандаа наймдугаар анги хүртлээ сураад, Багануур дүүрэгт ахлах ангиа дүүргэж, арван жилийн сургуулиа төгсөж байлаа. Тэгээд л их сургуульд элсэн орж төгссөнөөр, амьдралын их далай руу орсон доо. “Өөрийн байшингаа босгох төлөвлөгөө” ТББ-ыг байгуулахаас өмнө бизнес хийж байсан. Миний хувьд оюутан болчихоод төлбөрийн чадамжгүй гэж сургуулиасаа хөөгдөж гарч байсан үе бий. Үүнээс үүдээд л бизнес хийх болсон. Бизнетворк хэмээх нийгмийн сүлжээг ашиглан өөртэйгээ адил төлбөрийн асуудалтай хүмүүст тусалж, тэднийг дэмжиж байлаа. Ер нь би бага байхын л нийгмийн идэвхтэй хүүхэд байсан. Наймдугаар анги төгстөлөө байранд амьдарсан. Бизнетворк дээр өөрийн профайл нээгээд байж байхдаа л одоогийн энэ санаагаа бодож, ажлуудаа төлөвлөсөөр л байсан. Анх Зуун айлд байрлалтай нэг газрын буланд жижигхэн ширээн дээр, ганц компьютертайгаар л бизнесээ эхлүүлж байсан. Өнөөдөр хүчирхэг дизайны компани болтлоо өргөжөөд байна. Гэхдээ миний хувьд бизнес хийгээд амжилттай явж байсан ч гэсэн угаас нийгмийн идэвхитэй болохоор хүссэн хүсээгүй л нийгэм, олон нийтийн ажилд оролцчихсон явж байдаг. Тэгээд л өөрийнхөө амьдралын долоон жилийг бизнесийн үйл ажиллагаанд зориулахдаа, хамтдаа нийлээд баялаг бүтээе гэж залуусыг уриалсаар, энд хүрсэн. Ингээд л 2014 онд “Өөрийн байшингаа босгох төлөвлөгөө” ТББ-ыг байгуулсан даа.
-Энэ ажлыг яагаад эхлүүлэх болов. Анхны санаа, санаачилга юутай холбоотой вэ?
Энэ ажил гэнэтхэн л 2014 оноос эхэлсэн юм бол огт биш. Би бага байхын их мөрөөдөмтгий хүүхэд байсан. Жаахан байхдаа голын элсэн дээр хот босгож тоглож байсан мөрөөдөл өнөөдөр “амьдралын элс”-н дээр бий болж байна. Тэгэхээр гэнэт л нэг залуу хаанаас ч юм гарч ирээд ямар ч хамаагүй бүтэшгүй нэг санаа гаргаж ирээд яваад байгаа хэрэг биш. Хүмүүс эхлээд ихэвчлэн хүнийг хардаж сэрддэг. Анх намайг тэгэж л харж байсан. Үнэхээр өнөөдөр Монголын залуучууд сайхан амьдаръя гэхээр болохгүй байна. Яагаад?. Өнөөгийн манай улс төр, нийгмийн байдалтай холбоотой. Залуу гэр бүлүүд эхлээд орон байртай болъё гэхээр урьдчилгаа мөнгө төлнө. Лизингээр байраа худалдаж авна. Эргээд тэр өрөө насаараа төлнө. Өрөө төлөх хугацаандаа амрах чөлөөгүй ажилд нухлуулна. Ажилгүй байж болохгүй, амарч болохгүй, үхэж ч болохгүй. Энэ тогтолцоог өөрчилье. Дуртай ажлаа хийгээд, тааваараа сайхан амьдаръя гэдэг хүсэл тэмүүллээс л энэ ажил эхэлсэн. Анх сошиал ертөнцөөр танилцуулгаа хийж эхэлж байлаа. Өдгөө 18 мянган гишүүнтэйгээр, идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна.
-Бяцхан хүүгийн мөрөөдөл бодит амьдрал дээр биелэлээ олоход ойртжээ. Байшингаар болсууриа цутгачихсан байна. Энэ хүртэл явахдаа ямар ямар саад бэрхшээлийг даван туулав?
Миний амьдралд хэзээ ч мартагдахааргүй гурван зүйл тохиолдсон. Нэгдүгээрт, би наймдугаар ангидаа дахин шалгалт өгч байсан. Хоёрдугаарт, аравдугаар ангидаа ирээд сургуульд гологдсон. Гуравдугаарт, оюутан болчихоод төлбөрийн асуудлаас болоод сургуулиасаа хөөгдөж байсан. Ер нь өдийг хүртэл явахдаа маш олон саад бэрхшээл, зовлон зүдгүүрийг туулсан. Оюутан болж ирээд орох оронгүй айлын байшингийн дээвэр дээр амьдарч байсан түүх бий. Анх гэр бүлээрээ хотод нүүж ирэхэд газар аваад, байшин барьж, хүссэнээрээ сайхан амьдарна гэдэг бол үнэхээр мөрөөдөл байсан. Шилжилт суурьшилтын асуудал маш их хөндөгдөж, нийслэлийн иргэн болж, газар авч чадахгүй, дээр нь түрээсийн байр маш үнэтэй. Тэр үед л би өөрийн гэсэн орон сууцтай болно, хүмүүст сайхан амьдрах орчин бүрдүүлж өгнө гэж мөрөөдөж байсан. Би хүн болгоныг орон байртай болгоно гэж ээждээ хүртэл амлаж байлаа. Миний ээж мантуу хийдэг үйлдвэрт ажиллажбайсан. Орой ажлаасаа ирэхдээ тор дүүрэн мантуу авч ирж өгнө. Оройн хоолондоо зөвхөн мантуу хувааж идэх үе ч зөндөө гарч байсан. Тэгэж суухдаа л маш их зүйлийг бодож тунгаан, оргилсон их хүсэл тэмүүллээр буцалж байсан. Ээж минь миний мөрөөдөл биелэхийг харж чадаагүй тэнгэрийн оронд одсон ч, би ээждээ хэлсэн амлалтандаа заавал хүрч хүн бүрийг орох оронтой болоход нь туслах болно.Үүнд хүрэх арга зам, төлөвлөгөө, алсын хараа, бодлого чиглэл нь надад байна. Эдгээрийг би зүгээр сууж байгаад нэг л өдөр боловсруулаад гаргасан биш. Маш олон жил бодож, бэрхшээл саадыг биеэрээ туулж байж боловсруулсан зүйл. Ер нь надтай тулгарсан бэрхшээл, өөр хэн нэгэнд ч гэсэн байдаг. Үүнийг даван гарах шийдэл хэрэгтэй. Надад эхлүүлж хийсэн, үр дүнг нь үзсэн маш олон ажлууд байдаг. Эхнээсээ амьдралын элсэн дээр бууж байна. Амьдрал бол элстэй адил. Нүүж, бууж, бужигнаж, байнгын л тогтворгүй байдаг. Тэгэхээр надтай нэгдэж, сэтгэл зүрхээрээ хамт байж, асуудалд ханцуй шамлан орсон олон залуус байгаа учраас өнөөдөр энэ хүртэл явж чадсан. Өөрийн байшингаа босгоно гэдэг нь өөрийнхөө амьдралыг бүтээнэ гэсэн үг. Өнөөдөр хүмүүс маш их зовлон болж байж байшингаа барьж байна. Гэтэл одоо техник, технологи хөгжөөд байна. Байшин барих технологи улам боловсронгуй болж. Үр хүүхэдтэйгээ нийлээд аз жаргалаа өөрсдөө бүтээж байна. Хүмүүс мөнгөндөө таарсан материал аваад, эргээд эвдрэл гэмтэл ихтэй, цаг хугацаа, болоод эдийн засгийн хэмнэлтгүй байшин барьдаг. Энэ нь одоогийн стресс бухимдлыг үүсгэдэг. Өнөөдөр хүмүүс зээлээс зээлийн хооронд, стрессээс стрессийн хооронд л амьдарч байна. Тэгэхээр залуучууд өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө шийдэх цаг нь болсон. Ерөөсөө л анх өөрийн байшингаа босгох төлөвлөгөөтэй 11 мянган залуу нэгдэж, эдгээр залуусын төлөөлөл болж 300-500 хүн уулзсан. Тэгэхээр энэ ТББ иргэд, хэрэглэгчдийнхээ дундаас боссон цорын ганц байгууллага. Заал дүүрэн хүн цуглаад ТББ байгууллага болсон түүх байдаггүй учраас би ингэж хэлж байгаа юм. Одоогоор 18 мянган гишүүнтэй. Энэхүү өөрийн байшингаа босгох төлөвлөгөө эхэлсэн цагаасаа л байнгын судалгаан дээр суурилж байсан.
-Судалгаануудын үр дүнгийн талаар яриач. Та бүхний ажлын үр бүтээмжийг дээшлүүлж, аливаа асуудлын шийдэл болж, хариулт өгсөн үр дүн хэр гарав?
Судалгааны үр дүнд өөрийн байшингаа босгох төлөвлөгөөтэй хүмүүсийг дөрвөн үндсэн чиглэлд хуваасан. Газартай-Мөнгөтэй, Газартай-Мөнгөгүй, Газаргүй-Мөнгөтэй, Газаргүй-Мөнгөгүй. Энэ дөрвөн чиглэлд бодлогоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Яагаад гэвэл манайд өөрин гэсэн хуримтлал үүсгэж чадаагүй залуус олон байгаа юм.
-Одоо энэ ажил ямар шатанд хэр үр дүнтэйгээр үргэлжилж байна? Ажлын явцын талаар тодруулбал?
Одоо бол газартай, мөнгөтэй залуус нэгдээд өөрсдийн байшингаа босгох төлөвлөгөөг гаргалаа. Бие биенээ танихгүй арван залуу уулзаад өөр өөрсдийн байшингаа босгох төлөвлөгөөг хийсэн. Байшингийн нэг загвар сонгоод, тооцооллоо хийгээд, материалаа нэг газраас аваад, нэг гүйцэтгэлийн компани сонгоод хийвэл болох юм байна гэж хараад ажил эхэлсэн. Гэтэл яг гүйцэтгэл дээрээ ирэхэд, иргэдийн эдийн засгийн түвшин янз бүр байдаг учраас бэрхшээл үүссэн. Энэ асуудлаас гарах арга зам болгож энэ “Өөрийн байшин” сэтгүүлийг санаачлан гаргаж байна. Сэтгүүлүүд дээр ковер хүн байдаг бол энэ сэтгүүл дээр ковер байшин байна. Өөрийн байшингаа босгохоор төлөвлөсөн хүмүүст зориулж хамгийн бага зардлаар, хамгийн чанартайгаар, хамгийн хэмнэлттэйгээр босох байшингийн нэг загварыг мэргэжлийн инженер техникийн баг батлаад, байшинг барихад шаардагдах материал, барих аргачлал, заавар зөвлөгөөг бэлтгэсэн байгаа. Үүн дээр л хүмүүс нэгдэх хэрэгтэй. Сэтгүүлээ худалдаж аваад, өөрийн байшингаа босгох үйл хэрэгт гар биеэ зориулан оролцох л үлдэж байна. Ийм шийдвэрт хүрээд, арга замыг боловсруулчихсан байна. Энэ бол газартай, мөнгөтэй залуусын эхлүүлсэн ажил. Бид маш олон удаагийн уулзалтаар улам олуулаа болсноор илүү ашигтай арга замуудыг боловсруулж, байнга дэвшиж байсан. Ингээд дараа нь газаргүй, мөнгөтэй залуусын ажил эхэлсэн. “100 газар, 100 байшин” төлөвлөгөөг хэрэгжүүлж явсаар, тэр нь “ЭВТАРД-1” гэдэг хотхоныг бий болгож байна. Энэ бол 100 залуу гэр бүл нийлж байгаад нэг дор газар авч, хотхон барих ажил. Жил гаруйн хугацаанд бүх төлөвлөлт, зураг төсөл бий болсон. Одоо зөвхөн газрын асуудал л үлдсэн.
-Тэгэхээр Газаргүй-Мөнгөтэй бүлгийн залуус газрын асуудлаа яаж шийдэх вэ?
Бид тал бүрээр л бодож, ухаанаа уралдуулж байна. Одоо зөвхөн газрын асуудал дээр гацаатай байгаа. Жин тан болсон зураг төсөл, төлөвлөлт, шийдлээ үзүүлээд төрөөс бага зэргийн дэмжлэг авах хэрэгтэй. Хүнд үзүүлж, харуулах зүйлтэй байна гэдэг өөр хэрэг. Гэхдээ энэ ажил ахицтай байна. Учир нь Багануур дүүрэгт “ЭВТАРД-2” хотхон сүндэрлэн босоход бэлэн болсон байна. Бидний боловсруулсан арга зам, өөрийн байшингаа босгох төлөвлөгөөний дагуу Багануур дүүрэгт “ЭВТАРД-2” хотхон босно гэсэн үг. Иргэд өөрсдөө сууж байгаад тэр хотхонд амьдрах 150 айлаа тодорхой болгоод, өөрсдийнхөө дундаас зөвлөл байгуулаад өөрсдийнхөө амьдралыг шийдэж байна. Энэ маш зөв шийдэл.
-Тэгэхээр энэ их ажлыг нэг жилийн дотор яаж амжуулав?
3-4 жилийн хугацаа шаардлагатай ажлуудыг ганцхан жилийн дотор амжуулна гэдэг амар биш. Янз бүрийн мэргэжилтэй, ур чадвартай залуус нэг зорилгын дор нэгдсэн учраас олон ажлыг зэрэг амжуулж чадаж байна.
-Тэгэхээр хамгийн сонирхол татаж байгаа зүйл нь юу вэ гэхээр Газаргүй Мөнгөгүй гэх бүлэгт хамаарагдах хүмүүс өөрийн байшингаа яаж босгох юм бэ. Та бүхний эхлүүлсэн энэ ажилд яаж оролцох вэ?
Энэ ТББ-ын оргил үе нь Газаргүй-Мөнгөгүй залуус орон байртай болох тэр үе. Манай ТББ-ын эцсийн цэг гэж хэлж болно. Эдгээр залуус нийлж байгаад арга замаа боловсруулна. Тэгэхээр бид энэ жил 100 мянган сэтгүүл борлуулна гэж зорьж байна. Энэ нь нэг тэрбум төгрөгийн сантай болно гэсэн үг. Үүн дээр үндэслээд Газаргүй-Мөнгөгүй залуус орон байртай болох тогтолцоог бүрдүүлнэ. Үр дүнд нь хүүгүйгээр эргэн төлөх нөхцөлтэй тогтолцоог л эдгээр залууст бий болгож өгч байгаа юм. Тэгэхээр залуус урдах ажлаа тайван, тааваараа, чин сэтгэлээсээ хийгээд байж байхад л хангалттай. Төр үүнийг бий болгож чадахгүй бол, залуус өөрсдөө энэ тогтолцоог бий болгож чадна. Энэ бүтэхгүй зүйл огт биш. Хүмүүс эхлээд бүтэхгүй гэж хардаг. Гэтэл бид нэгдэж чадсанаар м.квадратыг нь 2.100.000 төгрөгөөр авах сууцыг 700.000 төгрөгийн үнээр өөрсдөө босгох төлөвлөгөө гаргасан. Гадаадад ямар нэгэн барьцаа, урьдчилгаа төлбөргүйгээр зээл авдаг тогтолцоо аль хэдийн бий болсон. Гэтэл Монголчууд урьдчилгаа 30 хувиа байршуулж байж зээл авдаг. Энэ нь монголчууд зээлийг эргэн төлөх чадамжгүй гэсэн үг. Цаашилбал энэ нь хүнд 100 хувь итгэх боломжтой бол Монголчуудад 70 хувь итгэх хэрэгтэй гэсэн санаа. Бид энэ хандлагыг өөрчилж чадна. Залуус нэгдээд хийж чадна.
-Ер нь энэ ажлыг эхлүүлээд явж байхад залуус өөрсдийнхөө төлөө хэр тэмцэж байна. Бидний эцэг эх, эмээ өвөө одоогийн залуусыг хөдөлмөрч биш, залхуу гэж их шүүмжлэх болсон?
Зарим талаараа үүнтэй санал нийлнэ. Би ч гэсэн залхуу. Учир нь би хоёр жилийн өмнө энэ ажлыг эхлүүлсэн. Тэр үед 100 залуу ирээд надтай хамт энэ ажлыг эхлүүлсэн. Гэтэл одоо би энд ганцаараа сууж байна. Тэгэхээр энэ нь залуучуудын аливаа зүйлд тууштай биш, амар хялбар зүйлд дурладаг хандлагыг харуулж байна. Гэхдээ ийм хэсэг байхад бие биенээ уриалж, сайн сайханд хүрэх хүсэл тэмүүлэлтэй, төлөвлөгөөтэй, зогсолгүй шантралгүй урагшилж байгаа хэсэг ч байна. Тэгэхээр “Өөрийн байшингаа босгох төлөвлөгөө” ТББ-ын нэгдэл нь залуус залхуу гэдэг энэ ойлголтыг үндсээр нь үгүй хийж, залуучуудад итгэж, өөрсдийн амьдралаа өөрсдөө босгоход нь дэмжих хэрэгтэй гэдэг ухагдахууныг нийгэмд бий болгож байгаа юм.
-Тэгэхээр мөрөөдлийн байшингаа хамгийн бага зардлаар босгох ажлын гол томъёолол нь юу вэ. Өөрөөр хэлбэл өөрийн байшингаа хамгийн бага зардлаар бүтээх стандарт, шийдэл, төлөвлөгөө нь яг юу вэ?
Та гараад барилгын материалын захаас хамгийн хямд үнийг хайгаад яв. Тэндээс та олж чадахгүй. Харин хамтдаа асуудалд олон талаас нь хандвал, нэгдвэл чадна. Хямд гэхээр хүмүүс чанаргүй гэж боддог. Гэтэл өнөөдөр герман, орос, польш гээд олон стандартуудыг нэгтгэж байгаад өөрийн байшингийн стандартыг бий болгож байна. Стандартуудыг нэгтгэнэ гэхээр хүмүүс үлгэр ярьж байгаа мэтээр л ойлгодог. Гэтэл бид хамгийн бага зардлаар, өөрийн сэтгэл санаанд нийцсэн, чанартай, удаан эдэлгээтэй байх байшинг үйлдвэрлэгчтэй, гүйцэтгэгчтэй нийлээд босгоно. Энд гол томъёолол нь маш амархан. Нэг хүн байшин авах, зуун хүн байшин авах хоёрын ялгаан дээр л тод харагдана. Зуун хүнд зуун загвар байдаг. Эдгээрээс шигшээд 4-5 загвар л хотхон төлөвлөлтөд багтдаг. Бид судалгааны үндэслэлтэйгээр 40м.кв, 60м.кв, 80м.кв, 120м.кв гэсэн байшингийн хэмжээний стандартыг тогтоосон. Тухайлбал залуу гэр бүлд 40м.кв, хоёр хүүхэдтэй гэр бүлд 60м.кв байшин тохирно гэх жишээний. Гэтэл Монголчууд хэдэн метр квадратад амьдрахад тохиромжтой вэ гэдэг тооцооллоо ч мэддэггүй. Харин “Өөрийн байшингаа босгох төлөвлөгөө” ТББ үүнийг тооцоолж, хамгийн тохиромжтой хэмжээг гаргаж, тодорхой болгосон.
-Ажлууд шат дараатайгайгаар хийгдэж байгаа ч ямар ч ажлыг хийхэд саад бэрхшээл тойрдоггүй. Одоо бэрхшээлтэй байгаа гол асуудал юу байна вэ?
Нэн түрүүнд хүмүүсийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна. Эхлээд бие биенээ огт танихгүй хүмүүс уулзана. Дараагийн уулзалтан дээр яриа үүснэ. Ингээд уулзалт бүрийн үр дүнд найзууд болно. Ингэж байж хүмүүсийн хандлага өөрчлөгдөнө. Тэгэхээр хүмүүс нэгдээд өөрсдийн амьдралаа, цаашлаад нэг жилийн дотор хотоо өөрчилж чадна. Хийж чадахгүй, бүтэхгүй гэж харах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Цаашлаад нэгдэх хэрэгтэй. Нэгдээд өөрийн байшингаа, өөрийн амьдралаа босгоно. Дараа нь хотоо сүндэрлүүлнэ. Тэгээд Монголчууд дэлхийг удирдана. Намайг ингэж хэллээ гээд шоолох хүн маш олон. Гэхдээ яагаад болохгүй гэж. Бидэнд маш ойрын туршлага байна. Юу вэ гэвэл шинэ сум. Шинэ сумыг хоёрхон инженер удирдаад л сумын иргэд гар бие оролцоод хөгжил дэвшилд хүрсэн шинэ сумыг бий болгочихсон. Иргэд өөрсдөө нэгдэж асуудлаа шийддэг санаачлалыг хүмүүс өөрсдөө бий болгосон. Монголчууд нэгэн цагт дэлхийг удирдаж, жолоодож байсан ард түмэн. Монгол хүнд тийм өвөг дээдэс, тийм оюуны чадамж, тийм өгөгдөл бий.
-Өөрийн байшингаа босгох төлөвлөгөөнд м.кв бүр дээрээ байшингийн загвар, хийх технологи, арга аргачлал, төлөвлөгөө гарчихсан байгаа. Үүнийгээ уншигчдадаа танилцуулбал... Технологийн хувьд ямар байх юм. 1м.кв нь 700 мянган төгрөг гэсэн үнийг тогтоосон. Энэ үнэнд юу юу багтсан болох талаар?
Энэ ТББ-д гадаадад байгаа монголчууд хүртэл нэгдсэн. Гадаадад байгаа Монголчууд бидэнд сүүлийн үеийн дэвшилтэт технологи болон барилгын материалын үнэ ханш, нэр төрлийн судалгааг явуулж хамтран ажилладаг. Энэ ТББ маш том мэдээллийн сантай. Үүн дээр мэргэжлийн хүмүүс ажиллан, манайхтай нэгдэн байшин барих хүсэлтэй компаниудын үнэд цензур тогтоох зэргээр яаж хамгийн бага зардлаар өөрийн байшингаа босгох боломжтой вэ гэдэг арга, төлөвлөгөө, шийдлийг боловсруулчихаад байна. 1м.кв нь 700 мянган төгрөг гэдэг үнэд материал болоод гүйцэтгэлийн хөлс багтана. Хүсвэл залуус хамтраад гүйцэтгэлийг өөрсдөө хийсэн ч болно. Асуудлыг яаж ч шийдэж болно. Ямар ч үед гарц заавал байдаг.
-Төгсгөлд нь ирээдүйн зорилгоо уншигчидтайгаа хуваалцаач. ТББ-ын эцсийн зогсоол хаана вэ?
Эрдэнэт, Дархан-Уул, Сэлэнгэ, Хэнтий аймаг гэх зэргээр орон нутгуудад энэ хотхон төлөвлөлтийн ажил үргэлжилнэ. Энэ шийдлийн эцсийн үр дүнд Газаргүй-Мөнгөгүй залуус өөрийн байшинтай болно. Монгол улс хотхон төлөвлөлттэй, эмх цэгцтэй, эрүүл амьдралын орчинтой болно. Энэ л хамгийн чухал. Гол нь өөрийнхөө амьдралыг босгохын төлөө, мөрөөдлийн байшингаа бүтээхийн төлөө, үр хүүхэд, ирээдүй хойчийнхоо сайн сайхны төлөө өөрсдөөсөө эхэлье. Боломж хүн бүрт байдаг.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
-Баярлалаа.
Comments
Post a Comment