Ч.БАТЦЭНГЭЛ: БИДЭНД 8 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛЭЭС Ч БАГА ХҮҮТЭЙ ЗЭЭЛД ХАМРУУЛАХ БОЛОМЖ БИЙ

“Нэр хүндийн булан”-даа энэ удаа “Өөрийн байшин” төслийг санаачлан хэрэгжүүлэгч Ч.Батцэнгэлтэй ярилцлаа. Тэрээр бусдын гарыг харалгүй, өөрсдөө хийж бүтээх сэдлийг нийгэм, олон нийтэд уриалдаг залуу юм. Эх сурвалж: http://prnews.mn/read/172


Таны орд: Бумбын орд

Таны гол амжилт: Монголын анхны “Удирдлагууд нэгдсэн Групп”-ыг үүсгэн байгуулагч, Чимэддоржийн Батцэнгэл нь бизнесийн салбарт нийгмийн хариуцлагын шинэ өнгө төрхийг бий болгож, өөрийн биеэр үлгэрлэн харуулж чадсан тэргүүний залуу бөгөөд МЗХ-ны дээд шагнал болох “Хөдөлмөрийн алдар”-ын эзэн, Монголын мянган мянган шилдэг залуучуудаас сонгон шалгаруулсан “CEO” шоуны шилдгийн шилдэг 16 залуугийн нэг, Мөн эх орныхоо аялал жуулчлалын салбарт шинэ өнгө төрхийг бий болгох, аялал жуулчлалын салбараар дамжуулан дэлхий даяар тархан суурьшсан Монголчуудаа нэгтгэх зорилгоор зургаан улсын нэгдсэн аялал жуулчлалын “Хаадын Мөр” ХК үүсгэн байгуулагч ТУЗ-ийн дарга, Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооны "Төсөл хөтөлбөрийн хороо"-ны дарга, "Grand Vision Administration Group"-ын Зөвлөх, "Өөрийн Байшингаа Босгох Төлөвлөгөө" ТББ-ын Тэргүүн, "Эвтард Багануур" Сангийн ТУЗ-ийн даргаар тус тус ажиллаж байна.

Таны зорилго: Бага дунд орлоготой иргэд тэр дундаа залуу гэр бүлүүд ямар цалинтай  байх нь хамаагүй та ажил хийдэг л бол ямар ч санхүүгийн дарамтгүйгээр орон байртай болгох их ажлын ард гарах...

Таны давуу тал: Зүтгэсэн зүйлийнхээ ард нь заавал гардаг.

Таны сул тал: Өөрийнхөөрөө зүтгэх гээд байдаг сул талтай.

Таны хэлэх дуртай үг: Өөрийн төлөө зүтгэсэн зүтгэл үнэтэй ч Бусдын төлөө зүтгэсэн зүтгэлийн дэргэд дэндүү жижигхэн


-Монголын бүтээлч, шинийг санаачлагч залуутай ярилцах болсонд баяртай байна. Та өөрийгөө танилцуулахгүй юу?

- Юуны өмнө намайг урьж ярилцаж байгаад та бүхэнд баярлалаа. Тэгээд бас бүтээлч, шинийг санаачлагч гэж тодотгосонд талархлаа. Миний бие Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн. Архитектор, График дизайнер мэргэжилтэй. Одоо мэргэжлийнхээ давуу талыг ашиглан нийгмийн төлөө бүхнээ зориулан, улс орныхоо хөгжилд хэрэгтэй хүн болох ёстой гэсэн хандлагааар ажиллаж явна даа

-Та “Өөрийн байшин” төслийг санаачлан хэрэгжүүлж буй. Энэ тухайгаа товч ярихгүй юу?

-Энэ санаачлага анх амьдрал дундаас л үүсэж бий болоод олон нийтийн сүлжээнд иргэд нийлж нэгдээд, өөрсдийн амьдралаа өөрсдөө шийдье гэсэн санаа байсан. Энэ талаар уулзаж зохион байгуулалтанд орох шаардлагатай гэж үзэн заал дүүрэн хүн цуглаад төрийн бус байгууллага байгуулсан түүхтэй. Бид өнгөрсөн онд энэ төслийг амьдралын хөрсөн дээр бодитоор буулгаж чадсан юм. Одоо бид практик туршлагаасаа суралцаж алдаа оноогоо дэнслэн, улам бүр илүү нарийн зохион байгуулалтанд орж байна.

-Анх энэ санаагаа хэрхэн олсон бэ?

-Энэ бол бидний амьдралд байгаа тулгамдсан нэн шаардлагатай шийдэх ёстой асуудлуудыг нэг бол яалт ч үгүй мөн. Бид төр засаг шийдэх ёстой гээд хүлээж болохгүй, өөрсдөө шийдэх цаг нь болсон. Ийм л шаардлагаас үүсэн бий болсон гэж ойлгож болно.

-Санаагаа хэрэгжүүлэхэд дэмжлэг хэр ирсэн бэ?

-Төр засгийн зүгээс тодорхой хэмжээнд дэмжиж байгаа ч иргэд нийлж нэгдээд хийж бүтээх зүйл дээр суралцах шаардлагатай болж байна. Бид өөрсдийнхөө амьдрах орчинг өөрсдөө бүтээх нь тийм ч хэцүү ажил биш шүү дээ. Болж байгаа зүйлд өөрийн биеэр оролцоод алдаатай буруу зүйл байвал засалцаад, зүтгэж чаддаг чадвар бидэнд дутагдаж байна. Бид аль болох асуудлаас зугтаж хэн нэгэн өөрийн тань өмнөөс хийгээд өгөх байх гэсэн хандлагаар хандаж хөндлөнгөөс шүүмжлэх дуртай болчихоод байна уу даа гэж бодогдох юм.

-Манайхан ч хий хоосон үгээр л дэмжих нь их шүү дээ. Яг бодитой гар бие оролцоод дэмжих, нэгдэхдээ маруухан улс. Та ийм байдалтай учирсан уу?

-Тиймээ, энэ талаар яриад суувал цаг хугацааг дэмий зүйлд зарцуулсантай ялгаагүй шүү дээ. Бид дор бүрнээ л хичээх хэрэгтэй. Улс орны маань байдалд үнэхээр хүнд хэцүү цаг ирж байна. Бид үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Бие биенээ нухчих биш, хамтдаа асуудлыг шийдэж чаддаг чадварт суралцах хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл, бидний өмнө хийж бүтээж чаддаг олон залуучууд нийгмийнхээ төлөө бүхнээ зориулан зүтгэж байна. Бид тэднээсээ суралцах хэрэгтэй. Болохгүй, бүтэхгүй гээд хашгирахаасаа илүүтэй болж бүтэх бүхий л арга замыг хамтдаа бий болгож чаддаг байх нь чухал.

-Төр засгийн зүгээс ямар дэмжлэг ирсэн бэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд энэ төрлийн иргэдийн санаачлагыг дэмжинэ гэж хашгирдаг ч бодит амьдрал дээр өөрсдийнх нь ашиг сонирхолыг бий болгохгүй л бол дэмжих нь ямар ч сонирхолгүй байдаг. Харин Багануур хотын хувьд бол арай өөр байсан гэж хэлж болно. Учир нь удирдах албаны хүмүүсийн дийлэнх нь залуучууд байгаа болохоор тодорхой хэмжээнд бодитой дэмжлэг ирсэн. 

-Таны энэ ажил хэрэгжвэл яг ямар ямар давуу тал, ач холбогдолтой юм бэ?

-Давуу тал, ач холбогдлын талаар ярьвал маш их зүйлийг ярих шаардлагатай болно. Тодорхой бодит үр дүнгүүдийн талаар дурдахад өнөөдрийн бидний амьдралд тулгамдаад байгаа орон байрны асуудал, агаарын бохирдол, нөгөө л нэг өвөл болоход нүүр тулдаг хотын утааны асуудал, эмх замраагүй гэр хорооллын асуудал шийдэгдэх болно. Энэ мэт ярьвал маш их асуудлыг яриад суух байх. Гэхдээ гарц нь ганцхан бидэнд, өөрсдөд нь байгаа гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Энэ ажлыг би улс орны шинэ хөгжлийн гарц гаж харж байна.

-Орон сууцтай болох зардлыг үнэхээр хэмнэж чадаж байгаа юу?

-Хэмнэж чадаж байгаа. Энийг ярихаас өмнө эхлээд жижигхэн тайлбар хэлэх нь зүйтэй байх. Өнөөдрийн орон сууцны зах зээлийн өртөгийг 3 хуваан авч үзэж болно. Нэгдүгээрт бизнесийн өртөг гэж байна. Хоёртугаарт төсөвт өртөг гэж байна. Гуравдугаарт бодит өртөг гэж байна. Бидний зорилго бол иргэдээ бодит өртөгөөр орон сууцанд оруулах. Бидний хошуурдаг 8 хувийн хүүтэй зээл болон түүнээс ч бага хүүтэй зээлд хамруулах боломж бий. Ингэж чадвал ямар цалин авдаг байх нь хамаагүй, ажил хийж чадаж л байвал ямар ч санхүүгийн дарамтгүйгээр иргэдийнхээ орон байрны асуудлыг шийдэх гарц байна.

-Та бусдын төлөө зүтгэсэн зүтгэл үнэтэй гэж ярьсан байсан. Үнэхээр тийм гэж үү?

-Үүнд итгэлтэй байж болно. Яагаад гэвэл бид амин хувиа бодсоноос болж, өнөөдрийн үр дүнд хүрсэн гэж хэлэхэд буруудахгүй байх.

-Та залуу хүн алдаж онох эрхтэй гэж боддог уу?

-Залуу хүн алдах эрхтэй гээд алдаад байж болохгүй. Хүн алдаж биш, бодож байж ухаардаг гэж би үздэг.

-Та цаашид өөр ямар ажлууд төлөвлөж байна вэ?

-Төлөвлөсөн ажлууд нэлээдгүй бий. Нэн түрүүнд иргэдийн орон байрны асуудлыг ямар ч санхүүгийн дарамтгүйгээр шийдэх ажлаа дуусгах болно.

-Монголчууд хамтарч хийж бүтээхдээ хойрго гэж санагдахгүй байна уу? Учир нь бид нүүдэлчин уламжлалтай учраас хамтаараа нэгдэх гэхээсээ илүү хувь борлуулж, довоо шарлуулах сэтгэхүйтэй ард түмэн гэсэн тайлбар байдаг?

-Энүүнтэй би санал нийлэхгүй. Учир нь хүн төрөлхтөн цаг үе өөрчлөгдөхтэй хамт л нөхцөл байдалдаа дасан зохицож суралцсаар ирсэн. Энийг даван туулж чадахгүй бол улс орон дампуурах эхлэл болно.

-Танд урам хугарах хэр олон тохиолдол байсан бэ?
-Урам хуграх тохиолдол бишгүй л тохиолдоно. Тэр болгонд нугарч унаад байвал болохгүй шүү дээ. Аль болох урам хугаралгүй, байж болох боломжийг эрэлхийлдэг.

-Монголчууд өөрсдөө хийж бүтээе гэсэн сэдэл санаачлага сүүлийн үед эрчимжиж байна. Үүнд хамгийн их тээг тушаа, чөдөр болж байгаа асуудлыг нэрлээч гэвэл?

-Түрүүн дурдсанчлан бид асуудалд өөрөө оролцохгүй байгаад л байгаа юм. Үүнийг шийдэх эхний алхам бол оролцох. Дараа нь сэтгэл, итгэл их чухал.

-Монголчуудын номер нэг асуудал орон сууц мөн гэж та боддог уу?

-Энэ асуудал бол бага дунд орлоготой, тэр дундаа залуу гэр бүлүүдийн мөн нийгмийн буруу тогтолцооноос болоод ядуу гэсэн ангилалд орсон иргэдийн тулгамдсан бэрхшээл. Учир нь орон сууцны зах зээлд байгаа хямд гэсэн тодотголтой орон сууц, дийлэнх иргэдийн амьдрах орчин, нөхцөл боломжийг бүрдүүлж чадахгүй байна. Тиймээс энэ бол дийлэнх иргэдийнх гэдгээрээ номер нэг асуудал. Үүнийг шийдэх нь өөрөө улс орны хөгжилтэй ч холбоотой.

-Тэгсэн хэрнээ Гиннесийн номонд манай улс хамгийн олон хувийн сууцтай улс гэж тэмдэглэгдсэн байдаг юм билээ. Энэ тухайд?

-Бас л нийгмийн буруу бодлого, алдаатай тогтолцооны үр дүн байх гэж бодож байна. Учир нь иргэдээ орон сууцжуулах бодлого алдагдсаны үр дүн.

-Танд хэрвээ хүссэн эрх мэдэл өгье гэвэл хамгийн түрүүнд юуг шийдэх эрх мэдэл хүсэх байсан бол?

-Иргэдийнхээ амьдрах орчин нөхлийг бүрдүүлэх. Учир нь энэ бодлого тогтолцоог маш зөв хийж чадсан тохиолдолд Монголчууд өөрсдийгөө болон эх орноо аваад явж чадах чадвартай хүмүүс. Би үүнд итгэдэг.

-Та хувийн бизнестэй юу?

-Байгаа. Гэхдээ миний бизнест бий болгосон зарчмыг жинхэнэ бизнесмэн хүмүүс ойлгодоггүй. Миний зарчмаар та хэн байх чинь надад хамаагүй. Баялаг бүтээх чадвартай бол бидэнтэй хамт алх гэсэн зарчим. Эцэст нь бүтээсэн баялгийнхаа эзэн нь та өөрөө байх ёстой гэж үздэг.

-Хувийн ажил амьдралаа хөөцөлдөөд явах, бусдын буюу нийгмийн асуудлыг шийдэх гэж явах хоёрын ялгаа зөрөө юун дээр байдаг юм бэ?

-Энэ асуудлыг шийднэ гээд зүтгэхээсээ илүүтэй нийгмийн төлөө өөрийгөө зориулж чадах чадварт өөрийн зүрх сэтгэл, хандлагыг төлөвшүүлэх хэрэгтэй.

-Танд баярлалаа. Зорьсондоо хүрч, бодсоноо хэрэгжүүлэхийг танд хүсэн ерөөе.

-Заавал хүрэх болно. Та бүхэнд баярлалаа.


Эх сурвалж: http://prnews.mn/read/172

Comments

Popular Posts