Залуучууддаа итгэл найдвар, боломж олгохыг л хүсч байна
Сайн байцгаана уу? Та бүхэндээ манай ТББ-ын тэргүүний Монголын ҮНЭН сонинд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь орууллаа.
Ч.Батцэнгэл: Залуучууддаа итгэл найдвар, боломж олгохыг л хүсч байна
Д.МӨНХ
“Өөрийн Байшингаа Босгох Төлөвлөгөө” ТББ-ын тэргүүн Ч.БАТЦЭНГЭЛЭЭС цөөн зүйлийг тодрууллаа.
-Танай байгууллага ард иргэд хүчээ нэгтгэж, өөрсдөө орон сууцаа барихыг уриалж байгаа. Энэ ажлыг Багануур дүүрэгт эхлүүлж, “Эвтард” гэж төсөл хэрэгжүүлж байсныг санаж байна. Одоо ажлын явц ямар байгаа вэ?
-Хоёр жилийн өмнөөс иргэд санал санаачлагаа нэгтгэж, өөрийн байр сууцыг босгох гарцыг олж харж, хүмүүсийг уриалж байсан бол одоо бүхэл бүтэн хотхоны зураг төслийг гаргаад эхний байшингаа босгож, бодитоор харуулчихаад явж байна. Багануур дүүргийн ЗДТГ-аас газрын асуудлыг шийдэж өгсөн нь бидний ажилд ихээхэн тус дэм болсон хэрэг. Удирдлагын төвшинд олон удаа ярилцаж зөвшилцсөний эцэст иргэдээ уриалж, эхний алхмаа хийгээд байгаа юм. Нийгэмд маш хэрэгтэй ажил учраас олон нийтийн дэмжлэгийг авч, үр дүн харагдаж эхэлсэн ч бага, дунд орлоготой иргэд, залуу гэр бүлийг дэмжих бодлого дутагдаж байна
-Та яагаад тэгж хэлж байгаа юм бэ. Харин ч ипотекийн найман хувийн хүүтэй зээл гэхчлэн төр, засгаас боломжоороо дэмжээд байгаа юм биш үү?
-Манай залуучууд, залуу гэр бүлийн сарын орлого бодит байдал дээр 600-700 мянган төгрөг байгаа. Тэгэхээр нэг гэр бүлийн хувьд байр, орон сууцтай болох боломж нь хомс байна. Түүний оронд олуулаа нийлээд хийвэл хамаагүй хямд тусах магадлалтай. Тухайлбал, Багануур дүүрэгт босох хотхоныг бид 105 байшинтай байхаар төлөвлөсөн. Одоо босгочихоод байгаа нэг байшингийн маань ам метр нь 750 мянган төгрөгт багтсан. Нийт талбай нь 62.8 ам метр юм. Хэрэв олуулаа нийлээд хөрөнгө оруулалт хийвэл үүнээс ч бага өртөгөөр босох боломж байна. Цаашлаад ипотекийн зээлд ч хамрагдаж болно гэж бид харж байгаа юм. Ингэж чадвал сард 170 мянган төгрөгийн төлбөр хийгээд явж болохоор байна.
-Одоо та бүхэнд төр, засгийн ямар тусламж дэмжлэг хэрэгтэй байна вэ?
-Бидний санаачилж хэрэгжүүлээд явж байгаа энэ ажлыг хууль эрх зүйн хүрээнд дэмжээд өгөөч. Тодруулбал, энэ төслийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн албан ёсны шийдвэр гаргаж туслаач л гэж хүсэх байна. Нийгмийн захиалга болсон энэ ажлыг дэмжээсэй, залуучууддаа итгэл найдвар, боломж бололцоо олгоосой л гэж хүсч байгаа юм.
Comments
Post a Comment